Агаарын геофизикийн судалгааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-08 17:04:50

 Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсад хэрэгжүүлж буй Агаарын геофизикийн судалгааны ажилд зөвлөгөө өгөхөөр хүрэлцэн ирсэн Канад улсын шинжээчдийг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын үеэр сайд шинжээчдэд талархал илэрхийлж, “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй уг төсөл  ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлох, том талбайд гүний мэдээллийг бага зардлаар богино хугацаанд бүрдүүлэх зорилготой болохыг онцлов. Мөн цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Ташрамд дурдахад, Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ болон “Икскалибур Авиашэйн Австралиа” компани хамтран монгол орны өмнөд бүсийн 202 мянган хавтгай дөрвөлжин км талбайд соронзон, цахилгаан-соронзон, цацраг идэвх, хүндийн хүчний хэмжилт хийх судалгааны ажлыг өнгөрсөн онд эхлүүлжээ. 

 

Уулзалтад АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, ЭББГ-ын Геологи цөмийн энергийн хэлтсийн дарга Х.Санчигдорж, Үндэсний геологийн албаны Геологийн судалгааны хэлтсийн дарга Н.Мөнхбилэг, ГХМТХ-ийн шинжээч Б.Батцэцэг, Агаарын геофизикийн тасгийн дарга, Канадын геологийн алба Р.Фортин, Агаарын геофизикийн тасгийн геофизикч, Канадын геологийн алба М.Койл, Канадын ЭСЯ-ын худалдааны төлөөлөгч н.Жастин нар оролцлоо.

 

Холбоотой мэдээ