А.Страдиваригийн урласан ховор хийл Японоос олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 8 /NYT/. Дэлхийн II дайны үед хулгайд алдагдсан, Италийн нэрт мастер Антонио Страдиваригийн урласан хийл Токиогоос олджээ.
“Мендельсон” хэмээх нэртэй энэхүү хөгжмийн зэмсгийг 1709 онд урлаж, Мендельсон-Бонкегийн гэр бүлд хадгалуулахаар өгчээ. Гэвч дайны үед уг хийл алдагдаж, Мендельсоны гэр бүл олон жилийн турш хайсан боловч олж чадаагүй байна.
Соёлын судлаач Карла Чапро энэхүү хийлийг “Мендельсон” хийл мөн болохыг тогтоожээ. Тэрбээр 2018 онд Японд зохион байгуулсан Страдиваригийн хөгжмийн зэмсгүүдийн үзэсгэлэнгийн гэрэл зургуудыг эх хувийнх нь зургуудтай харьцуулж, модных нь бүтцээр “Мендельсон” хийл болохыг тогтоосон байна.
Уг хөгжмийн зэмсэг 2000 онд Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 1.5 сая ам.долларын үнээр зарагджээ. 2021 оны байдлаар Страдиваригийн урласан хөгжмийн зэмсгүүдээс 650 орчим нь үлдсэн бөгөөд тэдгээрийн 450 орчим нь хийл хөгжим ажээ.