Variety: “Чимээгүй хотын жолооч” киног “Оскар”-т өрсөлдүүлэхээр илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-02 17:15:17

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны аравдугаар сарын 2 /Variety/. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” кино 98 дахь удаагийн Оскар”-ын наадмын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” шагналын урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцохоор шалгарсан тухай Америкийн нэр хүндтэй долоо хоног тутмын "Variety" сэтгүүлд мэдээлжээ. 


Уг шийдвэрийг Монголын Үндэсний сонгон шалгаруулах хороо гаргасан байна.  


“Чимээгүй хотын жолооч” кинонд 14 жил шоронд хоригдсоны эцэст суллагдаж, өөрчлөгдсөн дэлхий ертөнцөд эргэн ирж буй Мягмар гэх залуугийн амьдралын тухай өгүүлнэ. Энэхүү дүрд А.Түвшинбаяр тогложээ. Нийгмээс тусгаарлагдсан тэрбээр оршуулгын тэрэгний жолоочийн ажилд орно. Тэнд авс хийдэг хараагүй эрэгтэй, түүний охин Саруул, Буддын шашны ламтай учирч, тэдгээр хүмүүсээр дамжуулан бага багаар нүглээ наминчлахыг оролдоно. Харин Саруул дарамтад өртөж, Мягмар уучлалын хязгаартай тулгарснаар үйл явдал илүү хар бараан болж хувирна. 


“Чимээгүй хотын жолооч” бүтээл нь кино наадмуудаас өндөр үнэлгээ авчээ. Тухайлбал, 2024 онд Таллины Хар шөнө наадмаас “Шилдэг кино, “Шилдэг зураач” шагналыг хүртэж, 2025 онд Италийн Удинийн Алс Дорнодын кино наадмаас Purple Mulberry шагналыг хүртжээ.


Ж.Сэнгэдоржийн өмнөх бүтээл болох “Худалдагч охин” мөн Францын Везуль хотноо болдог Vesoul Asian Film Festival” наадмаас “Шилдэг кино”, мөн Удинийн кино наадмаас “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” хэмээх шагналыг хүртэж байлаа. Энэхүү кино 2022 онд үзэгчдийн хүртээл болсон юм.


Монгол Улс 2003 оноос хойш Оскарын наадамд киногоо илгээж байгаа боловч одоогоор эцсийн шатанд нэр дэвшсэн бүтээл хараахан гараагүй байна. 2023 онд нэр дэвшүүлсэн “Сэр сэр салхи” кино нь Венецэд нээлтээ хийсэн хэдий ч шортлистэд багтаагүй юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн “Баавгай болохсон” нэртэй уран бүтээл Каннд нээлтээ хийсэн ч Оскар”-ын шортлистэд мөн л шалгарч чадаагүй билээ.


Оскар-ын наадмын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд өрсөлдөхөөр шигшигдэн үлдсэн бүтээлүүдийг  ирэх 12 дугаар сарын 16-нд, эцсийн таван нэр дэвшигчийг нэгдүгээр сарын 22-нд танилцуулна.

Холбоотой мэдээ