ДОРНОГОВЬ: 120 мянга гаруй мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Байгаль орчны газраас энэ жил орон нутагт 300 мянга гаруй мод тарихаар төлөвлөснөөс одоогоор 120 мянга гаруй мод тарьжээ. Дээрх модыг Сайншанд дахь “Говь парк”, нийтийн эзэмшлийн зам талбай болон сумдад тарьсан байна.
Үүнээс гадна хувийн эзэмшлийн “Энержи фарагон”, “Мөрөөдлийн говь” зэрэг компаниуд ойн зурвас байгуулж байгаа бол 20 мянга гаруй модыг жижиг аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор нийлүүлжээ.
Тус газар өөрийн эзэмшлийн мод үржүүлгийн газартаа гурван жилийн
өмнөөс тарьц суулгаж эхэлсэн бөгөөд хаврын мод тарилтад зориулж таван төрлийн 15000 гаруй тарьц, суулгацыг бойжуулгын талбайгаас бэлтгэж, аймгийн төвийн нийтийн
эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 20000 гаруй тарьц, суулгацыг олгоод байгаа юм.