ЗАВХАН: Сартуул сэцэн хошууны түүхүүдийг музейгээс үзэж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-02 17:55:12

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завханы музейд Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошууны түүх соёлд хамаарах ховор үзмэрүүд бий.

Энд Алдархаан, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин гэхмэтчлэн Сартуулын найман сумын 25 үзмэр, аймгийн музейн сан хөмрөгөөс 26 дэсийн 36 үзмэр гээд нийт 51 дэсийн 61 үзмэрийг дэлгэн үзүүлсэн байна.


Тухайлбал, Завхан аймгийн Завханмандал сумын уран Минжүүрийн бүтээлүүд, Алдархаан сумын Мэргэн Онолтын мөнгөн цахиур буу, 18-р зууны үеийн жийжүү мөнгөн дөрөө, 19-өөс 20-р зууны үеийн халтар манан хөөрөг. Тухайн бүс нутгийн ахуй амьдралыг харуулсан нутгийн иргэдийн эдэлж хэрэглэж байсан шашны болон, ахуйн эд өлгийн зүйлсүүд дэлгэгджээ.

Ташрамд Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошуу нь одоогийн Завхан аймгийн 11 сумыг хамран суурьшиж байсан талаар эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний бага хурлын үеэр мэдээлж байв.
Хошуудын түүх, соёлын өвийн талаарх судалгааны сүүлийн үеийн томоохон үр дүнг орон нутгийн иргэдэд танилцуулсан үйл ажиллагааны үеэр сартуулын гэгдэх сумуудаас ирсэн ховор үзмэрүүдийн үзэсгэлэн нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг татаж байсан.  

XVIII-XX зууны Монголын засаг захиргааны гол нэгж болсон хошуудын түүх, соёлын өвийн талаарх судалгаанд тухайн үеийн нутгийн иргэдийн эдлэл хэрэглэл, ховор эд өлгийн зүйлс нь чухал баримт болох юм гэж Завхан аймгийн музейгээс нэмж дуулгав. 


Холбоотой мэдээ