Биткоины үнэ 116 мянган ам.долларыг давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын /CNBC/. Санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсоод /шатдаун/ буй энэ үед биткоины үнэ 116 000 ам.доллароос дээшилж өслөө. Хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй үед биткоиныг найдвартай хөрөнгийн хувиар үзэж эхэлсэн нь уг криптовалютыг алттай адил үнэ цэнтэй болгоод байна гэж CNBC мэдээлжээ.
“Binance” биржийн мэдээллээр, лхагва гарагт биткоины үнэ 3.1 хувиар өсөж, 116 628.33 ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын парламент болох Конгресс ирэх санхүүгийн жилийн төсвийн хуулийг аравдугаар сарын 1-ний дотор баталж чадаагүйн улмаас шатдаун болжээ. Тус улсын засгийн газрын үйл ажиллагаа 2019 оноос хойш анх удаа зогсож байна. Засгийн газрын ажил түр зогссоны улмаас 750 мянга орчим төрийн албан хаагч амралтаа авч, АНУ-ын төсөв өдөрт 400 сая долларын алдагдал хүлээнэ. АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгчид "Obamacare" гэж нэрлэдэг эрүүл мэндийн даатгалын хүрээнд олгодог татварын хөнгөлөлтүүдийг сунгахыг шаардаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп санхүүжилтийн асуудлаар тохиролцоонд удахгүй хүрэхгүй бол “маш олон хүн”-д төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийг танана гэж мэдэгджээ.
Биткоины үнэ өссөн нь хөрөнгө оруулагчдын бодол өөрчлөгдөж байгааг харуулж байна. Одоо тэд уг криптовалютыг улс төрийн тогтворгүй байдлын үед найдвартай хөрөнгө гэж үзэх боллоо гэж CNBC бичжээ.
Харин эрсдэлтэй хөрөнгийн үнэ буурч байна. Тухайлбал, "S&P 500" индексийн фьючерс 0.43 хувиар унасан бол технологийн "Nasdaq 100" индексийн гэрээнүүд 0.5 хувиар буурчээ.
Он гарснаас хойш биткоины үнэ 25 орчим хувиар өссөн байна. Ханш өсөхөд нөлөөлсөн шалтгаан нь Уолл-стритийн институцийн хөрөнгө оруулагчид криптовалютад нааштайгаар хандаж эхэлсэнтэй, мөн дэлхийн хөрөнгө оруулагчид хурдан ашиг олох хэрэгсэл төдийгүй хөрөнгө оруулалтын багцын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж эхэлсэнтэй холбоотой. Биткоины дээд үнэ түүхэндээ 124 457 ам.долларт хүрч байв.