“Милан-Кортина 2026” өвлийн Олимпын нээлтэд монгол тамирчид “Гоёл кашмер”-аар гoёно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-02 11:59:50

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Италийн Милан, Кортина хотод хөшгөө нээх өвлийн спортын XXV наадам эхлэхэд 128 хоног үлдлээ.


Энэхүү наадамд Монголын баг тамирчид биатлон, гүйлтийн цана, тэшүүр, уулын цанын төрөлд эрх авахаар өрсөлдөж байгаа юм. Тэгвэл “Милан-Кортина 2026” наадмын нээлтийн ёслолд жагсах Монголын баг тамирчид “Гоёл Кашмер” компанийн урласан хувцсыг өмсөхөөр болжээ.


Тодруулбал, Монголын үндэсний олимпын хороо, “Гоёл Кашмер” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолд баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг бүтээх ажил албан ёсоор эхэллээ. Наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг МҮОХ, БТСУХ хамтран өнгөрсөн долоодугаар сард байгуулсан байна. Энэхүү ажлын хүрээнд МҮОХ-оос ёслолын хувцсыг урлах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, ажлын хэсэг болон тамирчдын саналыг харгалзан эцсийн шийдвэрийг гаргажээ.


Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Тиймээс энэ удаа Монголын тамирчид үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаар Милан хотын цэнгэлдэх хүрээлэнд алхах аж.    






Холбоотой мэдээ