ХӨВСГӨЛ: “Багшийн алдар-8” үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн багш нарын "Багшийн алдар-8" үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн дүрслэх урлагийн багш нар байгалийн сайханд зурсан бүтээлүүдээ дэлгэн үзүүлж байна.
Тодруулбал, энэ оны 9 дүгээр сард тус аймгийн Боловсролын газар, МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль хамтран дүрслэх урлагийн багш нарыг чадавхжуулах хээрийн дадлага сургалтыг Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутагт зохион байгуулсан байна.
Хээрийн дадлага сургалтын үеэр Хорьдол сарьдгийн даваа, Жарганатын гол, Улаан-Уул сумын Дуут булаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад зурсан бүтээлүүд энэ удаагийн үзэсгэлэнд зонхилж байна.
Тус үзэсгэлэнд 26 багшийн 70 гаруй бүтээл олны хүртээл болж байна. Үзэсгэлэн 4 хоног Мөрөн хотын Арт галерейд үзэгчдэд хүрэх юм.