ХӨВСГӨЛ: Бүжгийн спортоор 1000 гаруй иргэн тогтмол хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах нийтийн цэнгээнт бүжиг, орчин цагийн нийтийн цэнгээнт бүжиг, шугаман бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болж, 300 орчим тамирчин оролцлоо.
Энэхүү тэмцээн нь бүжгийн урлагаар дамжуулан иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, илүүдэл жингүй иргэнийг эрүүл дадалд уриалах зорилготой жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм.
Тус аймагт нийтийн цэнгээнт бүжгийг түгээн дэлгэрүүлж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг сурталчлах, иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны соёлыг дээшлүүлэх зорилготой бүжгийн 3 клуб, 2 холбоонд 1000 гаруй иргэн тогтмол бүжгийн спортоор хичээллэж байна.
Энэ удаагийн тэмцээнд “Хэмнэл”, “Баясахуй” клуб, “Мөнхийн давлагаа”, “Аялгуу” бүжгийн холбоо болон 10 гаруй сумын бүжигчид оролцсон өргөн цар хүрээг хамарснаараа онцлог боллоо” гэдгийг Хөвсгөл аймгийн Бүжгийн холбооны тэргүүн Б.Ганаа ярилаа.




Улаанбаатар