ДАРХАН-УУЛ: Нийт хүн амын арав гаруй хувийг ахмадууд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Залуучууд театрын их танхимд олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ-аас ахмадуудад өнөөдөр хүндэтгэл илэрхийлж, баярын хурал хийлээ.
Үйл ажиллагааны эхэнд аймгийн ИТХ-ын
дарга А.Янжмаа, Ахмадын
холбооны тэргүүн П.Юра нар баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энхийг хүссэн юм.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 15 мянга орчим ахмад байдаг. Энэ нь аймгийн нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж байна. Ахмадуудын 32 хувь нь эрэгтэй, 68 хувь нь эмэгтэй бол хамгийн өндөр настай нь 106 настай ахмад амьдарч байна. Хэвийн буюу өөрийн менежменттэй амьдарч, ажиллаж байгаа ахмадууд нийт ахмадын 70 хувийг эзэлдэг гэж аймгийн ахмадын холбооны тэргүүн тодотголоо.
Аймаг, орон нутгаас ахмад настнуудад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахаар шат шатны байгууллагуудтай хамтарч ирсэн, тэдэнд зориулсан “Хөдөлмөрийн бирж”-ийг бий болгосон нь үр дүнгээ өгч эхэлсэн.
Цаашид салбар дундын хамтын ажиллагааг
сайжруулах, ахмад настанд зориулсан асрахуйн эдийн засгийн бодлогыг
боловсронгуй болгох талаар илүү судалгаа хийж ажил хэрэг болгоно гэдгийг
ахмадын холбооны тэргүүн болон аймгийн ИТХ-ын хурлын дарга нар хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Энэ үеэр зарим ахмадад төрийн дээд, одон медаль болон аймаг орон нутаг, Монголын ахмадын холбооны шагнал гардуулж баяр хүргэв. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан сумын 9 дүгээр багийн иргэн Т.Цогбадрах, Алтан гадас одонгоор Дархан сумын 15 дугаар багийн иргэн Р.Дорж-Янжмаа нар шагнууллаа.
Баярын хурлын
төгсгөл Залуучууд
театрын уран бүтээлчид ахмадуудад зориулж уран бүтээлийн дээжээсээ өргөн
барьсан юм.