ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд ДОХ-ын халдвартай 15 иргэн эмчийн хяналтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-01 16:16:18

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтээр анхаарал хандуулах өдөр. 1988 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд үндсэн бэлгэдэл болох улаан тууз нь ХДХВ, ДОХ-ын улмаас нас барсан олон сая хүмүүсийн дурсгал, ХДХВ-ний халдварыг бүрэн эмчлэх эм, түүнээс урьдчилан сэргийлэх вакцин гарахыг хүссэн итгэл найдварыг илтгэдэг аж.


Манай улсад 1992 оноос хойш ХДХВ-ний халдварын 424 тохиолдол бүртгэгдсэнээс 71 хүн нас барсан байна.


Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар ХДХВ, ДОХ-ын халдвар авсан 15 иргэн бүртгэлтэй байна. Эдгээрээс нэг нь эмэгтэй бол 14 нь эрэгтэй.  Анхны тохиолдол 2013 онд бүртгэгдсэн бол сүүлийн тохиолдол 2021 онд 18 настай иргэн бүртгэгджээ.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ХДХВ, ДОХ-ын кабинетын эмчийн хяналтад байдаг. Эдгээр иргэдэд тухайн өвчний эсрэг хэрэглэх эмийг өдөр бүр олгодог бөгөөд төрөөс үнэгүй өгдөг.




Халдвар авсан иргэдийн долоо нь гэр бүлтэй, тэдгээр иргэдийг ч тогтмол үзлэг шинжилгээнд хамруулдаг гэдгийг кабинетын эмч онцолж байна.


Халдвар авч буй иргэдийн дийлэнх нь ижил хүйстэн, насны тухайд 21-60 насны иргэд уг халдварыг авчээ.


Ташрамд, аймгийн хэмжээнд нийт 12 жилийн хугацаанд 17 иргэн ДОХ-ын халдвар авсан гэж бүртгэгдсэнээр хоёр иргэн тухайн халдварын улмаас бус золгүй байдлаар амиа алджээ.

Холбоотой мэдээ