ХӨВСГӨЛ: Гэр бүлд зөвлөх төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 50 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-01 15:08:33

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв ажиллаж байна.


Энэ онд 252 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлснээс 89 хүүхэд, 163 насанд хүрэгч байна.


Тус төвд мэргэжлийн сэтгэл зүйч орон тоогоор ажилласнаар зөвлөгөө авах иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Зөвлөгөө авсан хүүхдүүдийн хувьд үл хайхрах хүчирхийлэл, гэр бүлийн зөрчил, харилцааны ойлголцолгүй байдал, үе тэнгийн дээрэлхэлт, бэлгийн хүчирхийлэл зэрэг асуудал давамгайлсан байна.


Насанд хүрэгчдийн хувьд гэр бүлийн маргаан, сэтгэл гутрал, айдас түгшүүр, архидалт, хүчирхийлэл, хүүхэдтэй харилцах үл ойлголцол зэрэг асуудал зонхилж байна.


Үйлчлүүлэгч нарын айдас түгшүүр, санаа зовох байдал анхны уулзалттай харьцуулахад багассан, асуудлаа бодитоор харж, хүлээн зөвшөөрч даван туулах чадварт суралцсан үр дүн гарсан гэдгийг сэтгэл зүйч Ж.Амарсанаа ярилаа.




 

Холбоотой мэдээ