БАЯНХОНГОР: Аймгийн ИТХ-ын болон Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-01 15:04:33
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 100 хувийн ирцтэйгээр болж байна.

Ээлжит хуралдаанаар зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, МАН-ын бүлгээс Батнасангийн Батсуурийг нэр дэвшүүлж, 35 төлөөлөгч 100 хувийн саналаар ИТХ-ын даргаар сонгов.

Аймгийн ИТХ-ын дарга болж буй Б.Батсуурь Хилийн цэргийн дээд сургуулийг Хилийн албаны ажилтан-Хуульч, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 1998-2004 онд Хилийн цэргийн 0166 дугаар ангид Заставын даргаар, 2005-2008 Баацагаан сумын ИТХ-ын даргаар, 2008-2013 онд Баацагаан сумын Засаг даргаар, 2016-2024 онд аймгийн Засаг даргын орлогчоор, 2025 оноос аймгийн ИТХ-ын даргын зөвлөхөөр ажилласан. Б.Батсуурь нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон, аймгийн МАН-ын хорооны гишүүн, тэргүүлэгч, дэд дарга юм.

Мөн хуралдаанаар Баянхонгор аймгийн Засаг даргаар Эрдэнээгийн Энхбатыг ажиллуулахаар 35 төлөөлөгч 100 хувийн саналаар сонголоо. Э.Энхбат нь 2020 оноос аймгийн ИТХ-ын даргаар ажилласан байгаа бөгөөд аймгийн Засаг даргаар томилж ажиллуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг уламжлахаар тогтов.

Э.Энхбат Монгол Улсын Их сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч, Орхон их сургуулийг Хууль эрх зүйн магистр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежрээр тус тус төгссөн, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч. 2001 онд Улаанбаатар хотод “Хоол хүнсний тусламж” олон улсын байгууллагад нягтлан бодогчоор, 2002-2007 онд “Мерси кор” олон улсын байгууллагын Говийн санаачилга хөтөлбөрийн төлөөлөгчийн хөтөлбөрийн газарт захиргаа санхүүгийн ажилтан, 2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч, 2012-2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар, 2016-2020 онд Чандмань-Баянхонгор ХК-ий гүйцэтгэх захирал, 2020 оноос Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажилласан. Тэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдсон, МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн МАН-ын хорооны гишүүн, тэргүүлэгч, дэд дарга.
Холбоотой мэдээ