ӨВӨРХАНГАЙ: Мөсөнд авиралтын тэмцээн тив, дэлхийн анхааралд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-01 19:41:50

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Мөсөнд дурлагчид, экстрим спорт сонирхогчдод зориулсан энэ өвлийн цугларалт “Kharkhorum Ice Festival” 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно.


13 дахь удаагийн цомын аварга шалгаруулах эл тэмцээнийг “Монголд зочлох жил”-ийн хүрээнд бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэн зохион байгуулж байна. Мөн 2025–2026 онд Ази тивд зохион байгуулж буй мөсөнд авиралтын улирлын анхны тэмцээн гэдгээрээ тив, дэлхийн тамирчдын анхаарлын төвд байгааг “Монголиа Экспедишнс энд турс” ХХК-ийн захирал С.Алдархишиг хэлэв.


Тэмцээнд 2024-2025 оны дэлхийн аварга, дэлхийн цомын аваргууд болж, дэлхийн чансааг тэргүүлж буй ОУХМ Ч.Мандахбаяр, ОУХМ Н.Хэрлэн, ОУХМ Н.Сэлэнгэ нарын шилдэг тамирчид оролцох бөгөөд мэргэжлийн болон сонирхогчдын ангилалд хурдны төрлөөр зохион байгуулна. 



Энэ үеэр мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, тэшүүрийн уралдаан уламжлал ёсоор болох бөгөөд Орхоны хүрхрээг зорин очих замдаа Элсэн тасархай, Эрдэнэзуугийн музей, Төвхөн хийд, Үүртийн тохой зэрэг байгалийн үзэсгэлэнт болоод түүх, соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхох боломжтой. Тэрчлэн “Kharkhorum Ice Festival” баярын үеэр мөсөн урлалын гайхамшгийг харах, монгол гэрт хоноглох, малчин айлд зочилж, морь, сарлаг унах боломжийг зохион байгуулагчид бүрдүүлж байна. 


Өвөрхангай аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Улаанцутгалантын хүрхрээний мөсөнд авиралтын тэмцээнийг жил бүрийн 12 сард зохион байгуулж хэвшжээ. Анх 2012 онд “Mongolia Expeditions” компани, Монголын Уулын хөтөчдийн холбоо хамтран Монгол орны хамгийн их устай, хамгийн өргөн хүрхрээ болох Улаанцутгалантад уулчдын авиралтыг зохион байгуулж, Монгол улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй 18 уулчин залуус оролцсон нь улсын хэмжээнд анхны нэгдсэн цугларалт байв.


Тухайн үед мөсөнд авиралтын зэрэг, ангиллыг тогтоосон нь өнөөг хүртэл хэрэгжиж байна. Улаан цутгалантын мөсөн хананы өндөр нь 24 метр, 85-90 градус эгц тул мөсөн авиралтын WI5 /water ice/ ангилалд хамааруулдаг аж.



Монголдоо анх Улаанцутгалантаас эхлүүлсэн мөсөнд авиралтын спорт энэ арван жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, олон арван клубууд шил даран байгуулагдсаны зэрэгцээ олон улсын цол зэрэгтэй тамирчдыг төрүүлсэн алдар гавъяатай.


Өдгөө монголын мөсөнд авиралтын спорт дэлхийн түвшинд хүчтэй өрсөлдөх болсон бөгөөд өсвөр, залуучуудын баг АНУ-ын Өүрэй хотод болсон 2024–2025 оны ДАШТ-д олон алт, мөнгө, хүрэл медаль хүртэн багаараа хурдны төрөлд түрүүлсэн. Тус багийн манлай тамирчдаас Б.Энхрий-Эрдэнэ, Ж.Амина, Э.Номинтэнгэр, Э.Дөлгөөн, Б.Мөнхбаатар нар дэлхийн тавцанд Монголын нэрийг цуурайтуулсан билээ


Мөсөнд авирах тийм ч амар биш. Тамирчид сүхээрээ мөс рүү зоон дээш авирна. Энэ үед гарын шууны булчин ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Авиралтаа дуусгахын тулд төмөр сүхээ амандаа зуугаад гараа амраана. Энэ үеэр мөс цуурах, багаж хэрэгслээрээ өөрийгөө гэмтээх тохиолдол ч гарна. Гэсэн ч тамирчид эрсдэлээс, хүйтнээс айхгүйгээр эгц ханан мөс рүү авирч өрсөлдөхийн зэрэгцээ бэлтгэлээ хангадаг. Үүний хүчинд манай тамирчид мөсөнд авиралтын төрлөөр тив, дэлхийн аварга тамирчидтай хэдхэн долийн зөрөөтэй өрсөлдөж чаддаг байна. 



“Кarakorum ice festival” мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээнийг жил тутамд 200-500 хүн үзэж сонирхдог бөгөөд дийлэнх нь нутгийн иргэд юм. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Франц Улсаас жуулчид ирдэг. Өвлийн аялал жуулчлал нь тусгай сонирхлын ба адал явдалт төрөлд багтах учраас жуулчид майхан барин хоноглох хүсэлтэй байдаг аж. Гэвч аялагч, жуулчдын тав тухтай байдлыг хангах үүднээс жуулчны баазууд, гэр буудлыг ажиллуулдаг.


Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтыг олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын дунд мөсөнд авиралтын спортыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдын авиралтын ур чадварыг дээшлүүлж, тив, дэлхийн тавцанд өрсөлдөхүйц шилдэг тамирчдыг төрүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татаж, эдийн засгийн эргэлт бий болгох, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх гэхчлэн олон зорилгыг агуулсан тус тэмцээний үр дүн, ач холбогдол ийн арвин билээ. 

Холбоотой мэдээ