Шри Ланкад онцгой байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-12-01 13:03:42

КОЛОМБО, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /BBC/. Шри Ланка улс сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хамгийн сүйтгэлт байгалийн гамшигтай нүүр тулж байгаа энэ үед үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний ​​тоо 330-аас давжээ. 


Түүнчлэн 200 гаруй хүн сураггүй болж, 20 мянга орчим байшин барилга эвдрэн сүйдэж, 108 мянган хүнийг түр хоргодох байранд шилжүүлсэн тухай Байгалийн гамшгийн уршгийг арилгах төвөөс мэдээлсэн байна.


“Дитва” хар салхи дайран өнгөрсний дараа онцгой байдал зарлаад байгаа бөгөөд тус улсын нутаг дэвсгэрийн гуравны нэг орчим хувьд нь цахилгаан, ус тасарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ. Ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяке үүнийг тус улсын түүхэнд байгаагүй “хамгийн хүнд хэцүү байгалийн гамшиг” гэж тодорхойлоод, учирсан хохирлын хэмжээ асар их байгаа тул сэргээн босголтын зардал асар өндөр гарч байна хэмээн мэдэгджээ. Келани голын усны түвшин хурдацтай нэмэгдэж байгаа тул зарим газарт оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.


Шри Ланкийн төвийн нутгаас ирсэн нэгэн эмэгтэй BBC телевизэд ярилцлага өгөхдөө, орон нутагт нь 15 орчим байшин чулуу, шаварт дарагдсан хэмээн ярьжээ. Оршин суугчдаас хэн нь ч амьд гарч чадаагүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол Канди, Бадуллад бүртгэгдсэн бөгөөд олон газарт холбоо тасарсан хэвээр байна.


Засгийн газар олон улсаас тусламж хүсэж, хилийн чанадад байгаа шри ланкачуудаас байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгө хандивлахыг уриалжээ. “Дитва” хар салхи баасан гарагт арлын улсын зүүн эргийг дайран өнгөрчээ. Шри Ланкад одоогоор борооны улирал үргэлжилж байгаа боловч арал дээр ийм үзэгдэл ховор тохиолддог.


Энэ зуун гарсаар Шри Ланкад нүүрлэсэн хамгийн хүчтэй үер бол 2003 оны зургаадугаар сард болж байсан бөгөөд 254 хүн амиа алдаж, олон зуун мянган хүн дүрвэж байв. Зүүн Өмнөд Азийн орнууд тус бүс нутагт сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хамгийн сүйтгэлт үерийн гамшигтай тулгарч байгаа бөгөөд Индонез, Малайз, Тайландад олон сая хүн байгалийн гамшигт нэрвэгдээд байна.

 


Холбоотой мэдээ