БАЯНХОНГОР: Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто замыг ирэх онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-01 16:58:30

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн. Одоогоор ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай үргэлжилж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /66.4 тэрбум төгрөг/ төслийг санхүүжүүлж буй бөгөөд "Бридж бюлдинг" ХХК, "Их богд зам" ХХК, "Их харгуйн зам" ХХК тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөний дагуу нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барих юм.

Баянхонгор аймаг болон Өлзийт, Эрдэнэцогт сумыг дайран өнгөрөх тус замаар жилд зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог. Харин амарч, аялангаа энэ чиглэлд дунджаар 5000 хүн зорчиж, дамжин өнгөрдөг байна. Уг замыг ашиглалтад оруулснаар Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж, орон нутгийн иргэдийн орлого өсөх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлнэ гэж тооцож байна.


Тус авто замыг ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ