ЗАВХАН: Хамгийн өндөр настан 103 настай эмэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-01 16:54:03

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт хүн амын 12.7 хувь нь ахмадууд байна.


Аймгийн нийт хүн амын 9049 нь ахмадууд байгаагаас 32.3 хувь нь эрэгтэйчүүд бол 67.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Хамгийн өндөр настан 103 настай эмэгтэй байна.


Нийт хүн амд залуу насны хүн амын эзлэх хувь 35 ба түүнээс дээш бол тухайн хүн амыг насны бүтцийн хувьд залуу насны бүтэцтэй. Харин хөгшин буюу 65 ба түүнээс дээш насны ахмадууд нийт хүн амын 12 ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байвал хөгшин насны бүтэцтэй гэж үздэг. Тус аймаг 71.4 мянган хүн амтайгаас 49.8 хувь нь эрэгтэй, 50.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Ахмадуудын хамгийн түгээмэл нэрс нь Оюунчимэг, Алтанцэцэг, Энхтуяа, Наранцэцэг, Оюунцэцэг гэсэн нэрс байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Ташрамд, Завхан аймгийн хэмжээгээр 16.8 мянган хүнд 118.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгожээ. Аймгийн хэмжээнд 16.4 мянган малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байгаагаас 11.0 хувь нь 60 ба түүнээс дээш насны ахмад малчин байна. Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, сэтгэл зүрх, ур чадвараа зориулсан ахмад настнууд өнөөдөр ахмадын баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. 


Завхан аймгийн ахмадуудын тоон мэдээлэл

Холбоотой мэдээ