Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан “Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум” есдүгээр сарын 30-нд Гадаад харилцааны яаманд боллоо.
Форумын хүрээнд оюутан залуучууд байгаль орчны хамгаалалт, экосистемийн үйл ажиллагаа, цөлжилтөөс сэргийлэх, ойжуулалт дахь бичил биетийн нөлөөлөл, хот суурин газрын ногоон байгууламж, хуурай сэрүүн бүс нутагт мод тарих зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Япон Улсын Засгийн газраас “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөнийг тууштай дэмжиж, таван
жилийн хугацаанд 50 мянган мод тарьж ойжуулах төсөл болон 20 мянга орчим монгол
хүүхэд залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах хүрээнд Орхон,
Өмнөговь аймагт ойн мод,
заган ой нөхөн сэргээх төсөл,
Монгол, Японы хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөр, байгаль орчин, байгалийн
гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүйн сургалт хэрэгжүүлэх
зэргээр бодит хувь нэмэр оруулж буй.
Форумд МУИС-ийн Ойн аж ахуйн тэнхим, ХААИС-ийн Ойжуулалтын
тэнхим болон Япон Улсын Окаяма, Вакаяма, Тоттори, Кёотогийн их сургууль,
Миягигийн Боловсролын их сургууль, Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн 30
гаруй оюутан, багш нар оролцов.
Тус оюутан залуучуудын анхдугаар солилцооны форумыг 2023 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан аж.