“Golden” шилдэг дуунуудын жагсаалтыг 5 дахь долоо хоногтоо тэргүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
СӨҮЛ, 2025 оны есдүгээр сарын 16 /Yonhap/. Америкийн “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киноны “Golden” гэдэг нэртэй дуу “Billboard Hot 100” шилдэг дуунуудын жагсаалтыг тав дахь долоо хоногтоо тэргүүллээ.
“Billboard”-ын цахим хуудсанд даваа гарагт
мэдээлснээр, удахгүй танилцуулах
шинэ жагсаалтад “Golden” дуу тэргүүн байраа хадгалсан байна.
“Golden” дууг Солонгос, Америкийн уран бүтээлчид болох Ejae,
Audrey Nuna, Rei Ami нар хүүхэлдэйн
кинон дээр гардаг “Huntr/x”
хэмээх охидын хамтлагийн гишүүдийн дүрээр
толилуулсан юм. “SM” энтертайнментад бэлтгэгдсэн
хөгжмийн зохиолч Ejae, Rei Ami нар хоёулаа Өмнөд Солонгост төрсөн ажээ.
Мөн К-поп урсгалын
томоохон агентлаг болох “The
Black Label”-тэй хамтран
ажилладгаараа алдартай Teddy, 24
нар дууны продюсероор ажиллажээ. Энэхүү дуу анх жагсаалтын 81 дүгээр байранд орсныхоо дараагаар
23, 6, 4, 2, 1 дүгээр байр руу ахисан
юм.
“Golden” дуунаас гадна “KPop Demon Hunters” кинон дээр эгшиглэдэг гурван дуу жагсаалтын шилдэг 10-т багтсан байна. Тодруулбал, “Your Idol” дуу дөрөвдүгээр байранд, “Soda Pop” тавдугаарт, “How It's Done” наймдугаарт тус тус бичигджээ. Киноны дуунууд мөн шилдэг цомгуудын “Billboard 200” жагсаалтыг тэргүүлснээр “Billboard”-ын шилдэг дуу болон цомгийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна.