Барилга угсралт, их засварын ажил 2024 оныхоос 2 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 оны эхний 9 сард 8.8 их наяд төгрөгт хүрчээ. Түүнээс 8.5 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 349.3 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тус салбарын энэ оны эхний 9 сард хийж гүйцэтгэсэн ажлыг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 их наяд төгрөгөөр их байна.
Дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Түүнээс хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 7.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.6 их наяд төгрөгөөр, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 718.2 тэрбум төгрөгөөр илүү байна.
Энэ оны эхний 9
сарын барилга угсралт, их засварын ажлын 36.6 хувийг орон сууцны барилга, 29.5
хувийг орон сууцны бус барилга, 29.5 хувийг инженерийн барилга, байгууламж, 4.4
хувийг их засварын ажил эзэлжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс орон сууцны барилгын
ажлын 0.8 нэгж хувиар, орон сууцны бус барилгынх 3 нэгж хувиар буурсан. Гэхдээ
инженерийн барилга, байгууламжийнх 2.5 нэгж хувиар, их засварын ажлынх 1.3 нэгж
хувиар өсжээ.
Орон сууцны бус
барилгын ажил эхний 9 сарын гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь
2024 оны мөн үеийнхээс 377.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
Төрлөөр авч
үзвэл:
- сургууль,
соёлын барилгын ажил 326.7 тэрбум төгрөгөөр,
- худалдаа,
үйлчилгээний барилгынх 92.4 тэрбум төгрөгөөр,
- орон сууцны бус
барилгынх 91.6 тэрбум төгрөгөөр,
- эмнэлгийн барилгынх 3.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотод 4.6 их наяд төгрөгийн барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь улсын дүнд 51.8 хувийг эзэлжээ.
Мөн урьдчилсан
гүйцэтгэлээр Өмнөговь аймагт 855.6 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймагт 516.1 тэрбум
төгрөг, Дархан-Уул аймагт 474.6 тэрбум төгрөгийн ажлуудыг гүйцэтгэсэн нь орон
нутагт барилга угсралтын ажлын 43.4 хувийг эзэлж байна.
“Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам”-ын ажил, авто замын их засварын ажлууд, орон сууцны барилгын ажлууд, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил, авто замын ажлууд, Сэлэнгэ аймагт орон сууцны бус барилгын ажлууд, Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажлууд эрчимтэй явагдсан байна.

Улаанбаатар