ӨВӨРХАНГАЙ: Малжуулах төсөлд хамрагдсан малчид ӨМӨЗО-д туршлага судалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны
арваннэгдүгээр сарын 14
/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын малжуулах төсөлд хамрагдсан малчид ӨМӨЗО-ы
Шилийн гол аймагт туршлага судлаад ирлээ.
Энэ жил малжуулах төсөлд 19 сумын 40 малчин өрх хамрагдсанаас 15 сумын 18 малчин дээрх аялалд оролцож, нарийн ноост цахар хонины аж ахуй, үхрийн болон адууны ферм, сүү, цагаан идээний нийгэмлэг, мал худалдан борлуулах цэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Өвөрмонгол малчдын 90 хувь нь фермер, 10 хувь нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Фермийн мал аж ахуйг ихэвчлэн химийн орц найрлагатай бордоогоор тэжээдэг бөгөөд далайн орнууд руу махыг нийлүүлдэг байна. Гэвч амт, чанарын хувьд бэлчээрийн мал сүргээс харьцангүй муу байдаг тул бэлчээрийн мал аж ахуйгаа сэргээн хөгжүүлэхэд анхаарч байгаа гэдгийг хэлж байв. Тиймээс манай малчдыг бэлчээрийн мал аж ахуйгаа дэмжин хөгжүүлэх нь зөв хэмээж байв.
Мөн ихэвчлэн цахар омгийн хонийг өсгөн үржүүлдэг бөгөөд 60 хувь нь ихэрлэдэг учраас нэгийг нь тэжээж, нөгөөг нь зах зээлд оруулах байдлаар ашигтай ажилладаг хэмээж байв. Цахар хонины төл 5-6 сарын хугацаанд 25 кг болж, зах зээлд 1.5 сая хүрдэг байна.
Шилийн хотын Сүү, цагаан идээний нийгэмлэг нь 16 өрхөөс бүрддэг, 236 төрлийн цагаан идээ үйлдвэрлэн Хятад улсын хэмжээнд нийлүүлдэг ажээ. “Ковидын халдварын үеэр эрдэмтэн, судлаачид цагаан идээний ашиг шимийг нь баталгаажуулснаар зөвхөн өвөрмонголчууд өөрсдөө хэрэглэдэг байсан бол одоо бүх нийтээр хэрэглэдэг болж, захиалгаа дийлэхгүйд хүрчээ. Тус нийгэмлэгийнхэн зөвхөн шар сүүгээр гэхэд 36 төрлийн идээ, ундаа бэлтгэдэг байна. Мөн цагаан идээгээ шорлог, бургер зэрэг олон хэлбэр, агуулгаар худалддаг учраас борлуулалт сайтай байдаг, цахим сүлжээ ашиглан захиалга авдаг хэмээн үйлдвэрийн эзэд ярилаа.
“Туршлага судалсан малчид олон зүйлийг харж, суралцаж, асууж сонирхсон. Цаашдаа энэ хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж, Шилийн гол аймгийн малчидтай харилцаа тогтоон арга технологиос суралцах, тоног төхөөрөмж нийлүүлэхэд хамтран ажиллах нь чухал байна” гэж аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Ө.Батням ярив.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт малчдыг дэмжих, мал аж ахуйн хөгжлийн талаарх гадаад, дотоодын туршлагыг судлах, нэвтрүүлэх зорилт дэвшүүлсний дагуу орон нутгийн дэмжлэгээр энэхүү туршлага судлах аяллыг зохион байгууллаа.



Улаанбаатар