Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын ГХЯ-д хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-21 09:42:47

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-нд Эр-Рияд хотод болов.


Уулзалтаар талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн талаар харилцан мэдээлэл солилцож, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Монгол, Саудын Арабын харилцаа, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэв. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, боловсрол, цахим эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэх, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцов.


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн 2023 онд Саудын Арабын Хаант Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны ГХЯ-д хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсны үр дүнд уг Улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байгааг талууд онцолж, мөн айлчлалын үеэр санал болгосон “Агаарын харилцааны тухай”, “Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээрийг байгуулсанд сэтгэл өндөр байгаагаа талууд илэрхийлээд, цаашид хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэв.


Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, Саудын Арабын ГХЯ-ны Азийн орнуудын ерөнхий газрын Ерөнхий захирал, Бүрэн эрхт элчин Нассар бин Авад бин Аль-Ганум нар тэргүүлэн оролцов гэж тус улсад суугаа ГХЯ-наас мэдээллээ.


 

Холбоотой мэдээ