Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд буй.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөх Их Британийн “Кроссрэйл Интернэшнл” компанийн Гүйцэтгэх захирал Пол Дайсон тэргүүтэй төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Тус компани Их Британи улсын Зам тээврийн яамны харьяа бөгөөд хотын төмөр зам, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Мөн Монгол Улсын Эдийн засгийн чуулганд оролцох, метроны өртөө орчмын “Тээвэрт суурилсан хөгжүүлэлт” төлөвлөлт дээр ажиллах, метроны трассын дагуу талбайн судалгаа хийх зорилгоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа аж.
Уг уулзалтаар талууд Улаанбаатар метро төслийн санхүүжилт, ажлын явц болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцжээ.