Увс аймгийн жилийн төсөв 1933 онд 140 мянган төгрөг байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-08 11:20:47

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Увс аймаг Монгол Улсын баруун хязгаарт, Их нууруудын хотгорт оршдог, 69.6 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км.


Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улстай 575 км газар нутгаар хиллэн оршдог. Харин Улаанбаатар хотоос 1350 км зайтай.


Түүх соёлын дурсгалт газрууд:

Өмнөговь суманд Мунживын Дамбийжаагийн туурь, Арлын хоогийн эртний туурь, Хүрэн үзүүрийн хадны зураг, Хөх оройн хадны зураг, Бор хагийн хос хиргисүүр, Ховд голын хавцлын хадны зураг, хөшөө чулуунууд гэх мэт түүх, соёлын дурсгалт газрууд бий. 

Тэрчлэн Сагил суманд Ганц харгайтын бичигт хадны зураг, Их сарын хадны зураг, Можоогийн хадны зураг, Зүүн турагийн тэрэм хадны зураг, Зүүнхангай суманд Зураагийн улаан хадны зураг, Давст суманд Мөнгөт Цахирын хадны зураг, Бор Нурганы хүн чулуу, Тэхтийн давааны хадны зураг, Баруутуруун суманд Хар Цагаан усны хадны зураг, Улаангомд Чандмань уулын булш, Бөхмөрөн суманд Ачит нуурын түрэг бичээс, Хяргас суманд Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө, Түргэн суманд Дэлгэр мөрний дэнжийн хүн чулуунууд гэх мэт түүх дурсгалуудтай.


Түүх сөхөхөд:

1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газарт тариа тарьж эхэлсэн нь суурин амьдралын үндсийг тавьж, улмаар Улаангом хотын анхны шав тавигдсан гэж үздэг.

Ийнхүү газар тариалангийн суурин Увс аймагт анх тавигджээ. Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм.

1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацанг байгуулсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.

Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дугана, олон сүм барьж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2 дугаар сард Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьжээ.


Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд:

"Аймгийн эрх барих газар аймгийн захиргааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулсан болой" гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.

1925 - 1931 онд Чандмань уулын аймаг
1931 - 1932 онд Дөрвөдийн аймаг
1933 оноос Увс аймаг гэж тус тус нэрлэжээ.
1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. 1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянган төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсжээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм.


 

 

 

 

Холбоотой мэдээ