ЗАВХАН: Адууны өв соёлоо таниулсан үзэсгэлэн дэлгэнэ

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2025-07-08 15:45:17

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн баяр наадмаар "Очирваанийн хүлгүүд” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталсан.


Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг  7 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.
Дэлхийн адууны өдөрт зориулж, Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хүсэлтээр Завхан аймгийн Сонгино сумын уугуул, Монгол Улсын мастер гэрэл зурагчин Намсрайжавын Сүхбат өөрийн буулгасан 30 зургаар үзэсгэлэн гаргах юм.

Энэхүү үзэсгэлэн нь Завхан аймагт, гэрэл зургийн хальсанд буулгасан адуу, адуутай холбоотой өв уламжлал соёл, аж байдлын сэдэвтэй зургуудаас бүрдэх юм.


Тиймээс "Очирваанийн хүлгүүд” хэмээн нэрлэсэн. Үзэсгэлэнг баяр наадмын үеэр хоёр хоног Улиастай хотод дэлгэнэ.
Өргөн уудам нутаг, байгаль цаг уурын онцгой нөхцөлд адуугаа хайрлан өсгөж, уналага, аж ахуйдаа ашиглаж, хүнсэндээ хэрэглэх онцгой соёл уламжлалтай ард түмэн бол монголчууд.


Эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү үйл ажиллагаа нь бахархууштай.

Монгол адууны хийморь, сүр хүч, онцлог, адуучин хүний эрэмгий, шаламгай байдал, адуугаа унаж, уламжлалт дээл хувцсаараа гоёх соёл уламжлалыг Очирваанийн хүлгүүд үзэсгэлэнгээс үзэх боломжтой. 

Энэ сайхан соёл уламжлалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн адууны өдрийг аймаг бүр өөр өөрийн онцлогтой, соёл уламжлалаа таниулсан өдөр болгохыг уриалж байна гэж Монгол Улсын мастер гэрэл зурагчин Н.Сүхбат ярилаа.


Ташрамд, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй асар их үүрэг, хувь нэмрийг тодотгон тэмдэглэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил дэх адуу, адууны аж ахуйн ач холбогдлыг нэмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг дэмжих. Адууны өв соёл болон бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалахыг уриалах индэрийг бий болгоход Дэлхийн адууны өдрийн ач холбогдол орших болно” хэмээн онцолсон юм.


Монгол Улсын мастер гэрэл зурагчин Намсрайжавын Сүхбат 

Богд Очирваанийн өвөрт адуун сүрэг

Адуучин хүний хийморь

Бариан дээрх өрсөлдөөн

Эрэмгий адуучин

Зүс ижил морьдоор гоёсон ээжүүд


Нисэлт


Адуучин бүсгүй