ДАРХАН-УУЛ: Газар хөдлөхөд тэсвэртэй амины орон сууц барих туршлагаас танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжин Европын холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх Найрамдал төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд солилцооны хөтөлбөрөөр дамжуулан Европын холбооны экспертүүд Дархан хотод уригдан ажиллаж байна. Экспертүүд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, барилгын салбарт гадаад улс орнуудад хэрэгжүүлж буй сайн туршлага, бодлого, амжилттай явж буй загваруудыг танилцууллаа.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүс, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд байгальд ээлтэй, чанартай материалаар барилга, байгууламжийг барих нь нэн чухал шаардлагатайг онцолж байна.
Тухайлбал хаягдал хуванцрыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ шийдлийг нэвтрүүлэн ашиглаж байгаа туршлагаасаа Финланд улсын “Block Solutions OY” компанийн төлөөлөл танилцууллаа.
Тус компани нь хуванцар хаягдлыг боловсруулж, барилгын зориулалттай блок үйлдвэрлэж, түүгээр байшин, барилга барих байгальд ээлтэй, технологийг дэлхийд нэвтрүүлжээ.
Эдгээр блок нь хөнгөн, дулаан хадгалах чадвартай, угсрахад хялбар зэрэг давуу талтай бөгөөд хаягдлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй гэдгийг онцолж байна. Финланд Улс нь байгаль, цаг агаарын хувьд Монгол орноос хүйтэн. Тиймээс тухайн материалаар Монголд барилга барихад цаг агаарын хувьд харшлах зүйлгүй, нэг блокийн даац 5.5 кг бөгөөд хоёр давхар барилга барихад газар хөдлөлтийн 9.2 баллд тэсвэртэй зэрэг олон давуу талтайг тодотгож байлаа.
Манай аймгийн тухайд хаягдал хуванцрыг дахин боловсруулж сандал, хашаа, гэрлийн болон хашааны шон, таг зэргийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн 20 жилийн туршлагатай. Харин барилгын материалын чиглэлээр зөвхөн ундаа усны хуванцар савнаас гадна ахуйн болон бусад хэрэглээний бодисуудын хатуу хуванцар савыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэж буйг үзэж туршлага судлах хэрэгтэйг орон нутгийн удирдлагууд онцолж байна.
Мөн байгальд ээлтэй эдийн засагт хэмнэлттэй технологийг ашиглаж байгаа сайн туршлагаас судалж цаашид хувийн хэвшлийн ААНБ-уудад санал болгох, хамтран төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах боломжтойг энэ үеэр хөндлөө.
Түүнчлэн цахилгаан станцын үнсэн сангийн одоогийн нөхцөл байдлыг судлах, үнсийг хатаах технологи, ТЭЗҮ боловсруулах, хөрөнгө оруулалт татах, Erasmus хөтөлбөр хэрэгжүүлэх талаар талууд харилцан санал солилцлоо.
Судалгааны ажлыг
эрчимжүүлж, туршлага судалж бодит ажил хэрэг болговол дээрх газар хөдлөлтөд тэсвэртэй,
байгаль орчинд ээлтэй материалаар амины орон сууц барих боломж бүрдэх юм.