Сидней хамгийн найрсаг хот

ДЭЛХИЙД | СОНИН ХАЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:55:21

ВАШИНГТОН. /Culturegeographic/. Аялал жуулчлалын “Condé Nast” сэтгүүлээс гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн найрсаг хотоор Австралийн Сидней хот шалгарсан байна.

Сидней рүү нисэж байхдаа танилцсан австрали эмэгтэй биднийг зочид буудлаас ирж аван, хотын сайхан газруудаар бүтэн өдөр дагуулж явсны дараа их нөхөрсөг, найрсаг иргэдтэй болохыг бид мэдсэн гэж “Condé Nast” сэтгүүлийг уншигчид Сидней хотын талаар бичсэн байна.

Сидней хотод хийх зүйлсийн жагсаалтын нэгдүгээрт Сидней боомтын аялал тэр дундаа завьтай аялал, боомтын гүүрэнд авирах оржээ.

Өнгөрсөн оны судалгаагаар Сидней хот дэлхийн хамгийн найрсаг хотын жагсаалтад тавдугаар байранд орж байсан бол Австралийн Виктория мужийн нийслэл Мельбурн хот нэгдүгээрт орж байжээ. Гэвч энэ жил Мельбурн хот “Condé Nast” сэтгүүлийн жагсаалтын эхний 10-т орж чадаагүй байна. Гэсэн хэдий ч тус хот зочдын хувьд дээгүүр байр эзэлж чадаагүй ч оршин суугчдын хувьд дэлхийн номер нэг хот юм. Учир нь Мельбурн хот наймдугаар сарын эхээр “амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн хот”-оор шалгарчээ.

Дэлхийн хамгийн найрсаг хотын хоёрдугаарт Ирландын Дублин хот орсон байна. Тус хотын паб, зоогийн газрын таатай байдал, оршин суугчдын хөгжилтэй зан бусдын сайшаалыг хүртжээ.

Харин хамгийн найрсаг бус хотоор Венесуэлийн Каракас хот орсон бол үүний араас Мароккогийн Касабланка болон БНХАУ-ын Гуанжоу хот хоёр, гуравдугаар байрт оржээ.

Дээрх үр дүнг “Condé Nast” сэтгүүлээс жил бүр явуулдаг “Reader Choice Awards” судалгаагаар гаргасан байна. Судалгаанд 77 мянга орчим уншигч оролцжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд