Оторлох дуртай аваргад шагналыг нь гардуулж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-24 14:43:49

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас жилийн жилд улсын аваргууд төрдөг. Гал бичин жилд ч “Улсын аварга малчин” хоёр төрж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ХХААХҮЯ-ны ЖДҮХоршооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нар цол тэмдгийг 2 сарын 21-ний өдөр хотонд  нь гардуулж өглөө.

Улаан-Амны 1 дүгээр баг, Улиастайн дэнж хэмээх газар отроор өвөлжиж буй малчин Төмөр-Очирын Эрдэнэбатынд очиход урд өдрийн турш цас хаялсан тэнгэр хэдийн онгойж, нарны тунгалаг гэрэлд цагаан тал нүд гялбуулан ойж, сүрлэг уулсын ар, өврөөр өнгө хуучраагүй модод сүглийн хад асганы хажуугаар чоно хэмээх жавхаалаг амьтны мөр хосоор зурайн бас хажуугаар нь аварга малчны хайнаг, сарлагууд  “уулын эзэн” гэдгээ илтгэн сүр бараатайхан бэлчээрлэж, нэг ёсондоо байгалийн үзэсгэлэн сэтгэлийг хэдийн баясгасан байлаа.

Аварга малчны баярыг нь хуваалцахаар ахан дүүс, нутгийн иргэд цуглан улаан халзтай цагаан өргөөнийхөө үүдэнд цуглан шагнал гардуулах албаны хүмүүсийг угтан авсан бөгөөд мэнд мэдэж, хөөрөг зөрүүлэн цай амсаад бидний ажил эхэлсэн юм.

Т.Эрдэнэбат 1978 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт 6 ам бүл амьдардаг, 25 жил тасралтгүй мал маллаж, малын тоо толгойг жил дараалан өсгөж буй залуу малчин юм. Тэрбээр 2007 онд “Сумын мянгат малчин”, 2012 онд “Сумын сайн малчин”, 2013 онд “Аймгийн сайн малчин”-аар тус тус шалгарч байсан бөгөөд 2015 онд 1705, 2016 онд 2121 толгой мал тоолуулжээ. Хоёр малчинг туслахаар ажиллуулж, сарын 300 мянган төгрөгөөр цалинжуулдаг ба нэг туслах малчнаа орон гэртэй болгосон байна. Тэрчлэн сумынхаа нэн ядуу амьдралтай гэр бүлийг 400 гаруй толгой малаар малжуулж, сумын байгууллагуудад багагүй хандив, тусламж өргөн нийгэмд бодитой хувь нэмэр оруулдаг тэргүүний малчин болохыг сумын удирдлагууд хэлж байв. Түүнээс малаа эрүүлжүүлэх, чанаржуулах тал дээр хэрхэн анхаарч ажилладгийг асуухад “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын галшар азаргаар адуугаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас “Баяд”, “Үзэмчин”, “Байдраг” үүлдрийн хуцаар хонь, ямаагаа сайжруулж, байнга отор нүүдэл хийн мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулдаг” гэлээ. Мөн улсын аварга болсон амжилтаа “байгалийн ивээл” хэмээгээд олон зүйлийн ургамалтай учраас малд шим тэжээлтэй, ой модтой учраас нөмөр нөөлөгтэй байдаг хэмээж байв.

Гэвч цас их орсны улмаас өвөл гэлтгүй, байнга отор нүүдэл хийж, мал, малчин хоёр ихээхэн зүтгэлээр онд орж байгааг малчид хэлж байлаа. Т.Эрдэнэбат аваргынх Улиастайн дэнжийн “Бичигт” хэмээх газар отроор буугаад арваад хонож байгаа, аваргынхаа шагналыг авчихаад дахин оторлоно гэж байсан юм. Түүний аав П.Төмөр-Очир 1975 оноос хойш өнөөг хүртэл албаны болоод амины мал дагаж, нутаг орондоо нэр хүндтэй амьдарч яваа бол өвөг эцэг Пагма нь “Аймгийн аварга малчин”- болж байжээ. Хүүгээ улсын аварга болж, удмаа залгамжилж яваад туйлын баяртай байгаагаа П.Төмөр-Очир гуай хэлж байв.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ