Улсын харцага Б.Одгэрэл түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-21 12:56:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн ням гарагт аймгийн төв Сүхбаатар суманд боллоо.

Үндэсний бөхийн барилдаанд улсын харцага Ш.Уламбаяр, Б.Одгэрэл, Н.Жаргалбаяр, н.Бөт-Өлзий, улсын начин Ч.Баянмөнх, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй улс аймгийн 64 цолтон хүч үзэн барилдлаа.

Эр бяртай хүчтэнгүүдийн үзүүштэй уран барилдаан угсаран гарсан чансаатай сайхан барилдаанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харъяат улсын харцага Б.Одгэрэл түрүүлж, Баянхонгор аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэлээ.

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхөө үзэж сонирхохоор Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, залуу аварга Д.Санжаадамба нар хүрэлцэн ирж бөх сонирхогч олноо баясгасан юм.

Барилдааны үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийнхаа ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Аймгийн спортын ордон дүүрэн үзэгчтэй тус барилдааныг улсын тайлбарлагч н.Батнасан тайлбарлан түмэн олны сонорыг мялаав.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ