Аавынхаа амжилтыг 33 жилийн дараа давтсан малчин Ерөнхий сайдаас шагналаа гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Г.Ансай Монгол Улсын аварга малчин хэмээх хүндтэй шагналаа Монгол Улсын Ерөнхий сайд, нутгийн хүү Ж.Эрдэнэбатын гараас хүртсэндээ их бэлэгшээж байна.
Улсын аварга малчин Ансайгийн аав Гүндбай гуай 33 жилийн өмнө энэхүү эрхэм цолыг хүртэж байсан сайхан түүх энэ үеэр дурсагдлаа. Аварга малчин Г.Ансай:-“Би аавынхаа алдар цолонд хүрсэндээ баяртай байна. Манай гэр бүлийн хувьд малын тоонд бус чанарт илүү анхаарч, мал сүргээ өсгөж байна” хэмээн Ерөнхий сайдад хуучиллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрсөн нутаг Сэлэнгэ аймагтаа энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд ажиллахдаа хөдөлмөр бүтээлээрээ шалгарч “Улсын аварга” хэмээх цолыг хүртсэн малчин, тариаланч хамт олон, мехникжуулагчдад Монгол Улсын Засгийн газрын шагнал болох аваргын цом, тэмдэг, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэрийг гардуулан өглөө.
Энэ жил Сэлэнгэ аймгаас Ерөө сумын “Их шинэстэй” ХХК, Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК, Цагааннуур сумын “Атар трейд” ХХК, Хушаат сумын “Өгөөж мандал уул” ХХК, Хүдэр сумын “Арвин бэлчир” ХХК, Хүдэр сумын “Ургац хүдэр” ХХК-иуд “Улсын аварга тариаланч хамт олон”-оор тодорсон юм. Мөн Хушаат сумын “Элит үр” ХХК-ийн механикжуулагч Т.Болдбаатар, Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК-ийн механикжуулагч Д.Бат-Очир, Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн механикжуулагч М.Батсүх нар “Улсын аварга механикжуулагч”-аар, Алтанбулаг сумын малчин Д.Цогтгэрэл, Жавхлант сумын малчин Т.Цэдэнмодном, Хушаат сумын малчин С.Мөнхбат, Баянгол сумын малчин Ц.Булган, Ерөө сумын малчин н.Балдандорж, Мандал сумын малчин Г. Ансай нар “Улсын аварга малчин” хэмээх эрхэм цолын эзэд болжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ өдрүүдэд Монгол Улсын гавьяат агрономич С.Ганболд захиралтай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” ХХК-ийн хамт олон, Хушаат сумын “Элит үр” ХХК-ийн механикжуулагч Т.Болдбаатар, Баянгол сумын малчин Ц.Булган нарын “Улсын аварга”-ын шагналыг гардуулан өгсөн юм.
Улсын аваргуудын шагнал гардуулах үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Сэлэнгэ аймгийн ХААГ-ын дарга Б.Мөнхтөр нар оролцлоо.
Ч.Отгонцэцэг