Монголын үндэсний музей шинэ үзмэрүүдээ дэлгэв
ВИДЕО МЭДЭЭМонголын үндэсний музейгээс “Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэнд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрийг дэлгэн үзүүлсэн юм. Эдгээр нь Монголын үндэсний түүхийн музейн судлаачдын нээн илрүүлсэн болон археологийн малтлагаар олдсон, хайгуулаар түүвэрлэсэн, бусад байгууллагаас шилжүүлсэн, ард иргэдээс бэлэглэсэн, хандивласан, худалдаж авсан олон сонирхолтой үзмэрүүд ажээ. Тухайлбал, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор гэдэг газар дахь Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нуруун дахь дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас гарч ирсэн алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань гүрний үеийн цаасан мөнгө, Монгол хамгийн өндөр хүн Д.рагчаа агсны хувцас хэрэгсэл зэрэг сонирхолтой үзмэрүүд олон байна. Үзэсгэлэнг ирэх сарын 15-ныг хүртэл иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм.