Үйлчилгээний чанар, хүртээмжээ сайжруулахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-30 12:27:50

Сумдад хөнгөлөлттэй олгох эмийн төсөв хүрэлцдэггүй, эрүүл мэндийн төвийн даргын болон үндсэн мэргэжлийн эмчийг хавсран гүйцэтгэсний цалин урамшууллын нэмэгдэл авах боломжгүй байдаг, багийн эмч унаагүй, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн хангамж муу гээд олон асуудал Баянхонгор аймгийн эмнэлгүүдэд байна. Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн 2016 оны үйл ажиллагааны тайланг Баянхонгор аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэх үеэр дээрх асуудлууд олонтаа хөндөгдөж байлаа.

Тус хуралд  сумдын  Засаг дарга, нягтлан бодогч нар оролцож, Эрүүл мэндийн төвийн үндсэн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн тайлан, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үндсэн үзүүлэлтүүдийг танилцуулсан байна. Мөн “Эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулъя” аяны чанар, үр дүн, сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй  асуудлууд, цаашид дэвшүүлж байгаа  зорилтын талаар ярилцжээ.

Засаг дарга Г.Батжаргал хэлсэн үгэндээ, аймгийн Засаг даргын зүгээс эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмч, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжиж ажиллахаа онцолсон. Мөн эрүүл мэндийн салбарынхныг мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж, иргэдэд сэтгэлээсээ хүрч үйлчлэх, эх, хүүхдийн эрүүл мэнд, ялангуяа төрөх насны  эмэгтэйчүүд, жирэмсэн эхийн нэрийн  хяналтыг онцгойлон анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж  ажиллахыг  анхаарууллаа.

Сумдын  Засаг дарга нарт  орон нутагтаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэх талаар эрүүл мэндийн байгууллагаа дэмжиж, санаачлагатай ажиллах, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, шинэ залуу боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, дэмжиж ажиллахыг мөн үеэр даалгасан байна. Мөн иргэдийн эрүүл мэндийнхээ төлөө  хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хариуцлагын тогтолцоог хуулийн хүрээнд хэрэгжүүлж ажиллахын чухлыг хэлж байв.

                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ