ЗАВХАН: Баяр наадмын нээлтийн агуулгыг уугуул нутгийн өв соёлоос зохиомжилно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны долоодугаар сарын 3
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн
Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн захирамжаар 24 сумын наадмын товыг баталжээ.
Асгат, Баянтэс, Отгон зэрэг 11 сумын баяр наадам энэ сарын 7, 8-ны өдрүүдэд болно. Алдархаан, Яруу, Эрдэнэхайрхан, Тэс сумын баяр наадам энэ сарын 5-7-ны өдрүүдэд болно.
Нэр бүхий 9 сумын баяр наадмын үйл
ажиллагааг энэ сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтжээ. Завхан
аймгийн баяр наадам нь энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болох юм.
Аймгийн баяр наадмын нээлтийн агуулгыг Завхан аймгийн онцлог, түүх, ёс заншлаас харуулж, уугуул нутгийн онцлох соёлын биет бус өвүүдийг сурталчлан зохиомжилно.
Уламжлал ёсоор тус аймгаас төрөн гарсан хувилгаад хутагтуудын
түүх, оройн дээд Очирваань хайрхны тухай уртын дуу “Оройн чимэг”-ийг эгшиглүүлэх
юм гэж аймгийн ЗДТГ-аас
мэдээлэв.
Ташрамд, Монгол
наадам 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн
жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.
Монгол наадам буюу эрийн гурван наадам нь Монголын эртний уламжлалт баяр наадмын зан үйл бөгөөд эрт дээр үеэс эрхэм хүндтэйгээр уламжлагдан тэмдэглэсээр ирсэн билээ. Монгол наадам нь хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сурын харваанаас бүрддэг ба ардын аман болон язгуур урлаг, ардын мэдлэг түүнчлэн уламжлалт гар урлалыг ч өөртөө багтаасан монгол ардын зан үйлийн цогц ёслол юм.