Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-23 12:15:22

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ахлуулсан Онцгой комиссын гишүүд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга сумдад ажиллаж, өвс тэжээлийг хүргэж өгөхийн зэрэгцээ сумдын Онцгой комиссыг хуралдуулан шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөлөө.

Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу малчдад 6000 боодол өвсийг үнэ төлбөргүй, 2400 шуудай хивгийг 50 хувийн хөнгөлттэй буюу 5000 төгрөгөөр яаралтай, үнэ төлбөргүй хүргэж өгөхийг Засаг дарга холбогдох албаныхан болон сумдын удирдлагуудад даалгасан байна. Мөн өвөлжилт хүндэрч байгаа энэ үед мал аж ахуйн салбараас гадна иргэдийн эрүүл мэндийн асуудал маш чухал байгаа юм. Тиймээс шаардлагатай сумдын түргэн тусламжийн унаа тэрэгний хүрэлцээ хангамж, сэлбэг тоног төхөөрөмжийг олгох, бензин шатахууны дэмжлэг үзүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Өвөлжилт хүнд байгаагаас гадна ханиад томуу ихсэж, зарим сумдуудад амбулаториор үзүүлж буй иргэдийн өвчлөлийн 20 гаруй хувь нь зөвхөн ханиад томуугийн шинжтэй байна. Цаг  хүнд байгаа энэ үед сумдын эмнэлгийн түргэний тэрэгний дугуйнууд нь муугаас дуудлагаар цаг тухайд нь очиж чаддаггүйг эмч нар хэлж байв. Уянга сумын Жаргалант багт гэхэд өдөрт 20-30 хүн ханиад томуугаар өвчилж эмнэлгийн тусламж авдаг бөгөөд тус багийн эмнэлэг таван хүн хэвтүүлэх хүчин чадалтай ч хэвтэн эмчлүүлэгчид нь 10 гарчихаад байгааг бага эмч Т.Түвшинжаргал хэллээ.

Аймгийн Засаг дарга эмнэлгийн түргэн тусламжийн машины сэлбэг, дөрвөн дугуйг шинэчилж өгөхөөр шийдвэрлэжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ