Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийн тусламж үзүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-18 16:21:46

Өвөрхангай аймгийн хэмжээнд Уянга, Нарийнтээл, Гучин-Ус, Бат-Өлзий, Хужирт, Бүрд, Хайрхандулаан сумдад өвөлжилтийн байдал хүнд байна.

Эдгээр суманд аймгийн Засаг даргаар ахлуулсан Онцгой комиссын гишүүд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллаж, өвч тэжээлийн нөөцгүй болсон малчин өрхүүдэд өвс, тэжээлийн тусламж олгохоор боллоо. Өнөөдрийн байдлаар Нарийнтээл сумын 1, 3 дугаар баг, Уянга сумын Таац, Жаргалант, Шурангийн баг, Хайрхандулаан сумын Муруйн баг, Гучин-Ус сумын хойд хэсэг, Бат-Өлзий, Хужирт сумын нутгаар цас их, малчид өвс тэжээлийн нөөцгүй байгаа бөгөөд Нарийнтээл, Уянга суманд 1500 боодол өвс, 600 шуудай хивэг, Хайрхандулаан, Бат-Өлзий  суманд 1000 боодол өвс, 400 шуудай хивэг, Хужирт, Гучин-Ус суманд 500 боодол өвс, 200 шуудай хивэг тус тус олгохоор шийдвэрлэжээ. Нийт дүнгээр авч үзвэл дээрх 6 суманд 6000 боодол өвсийг үнэ төлбөргүй, 2400 шуудай хивгийг 50 хувийн хөнгөлттэй буюу 5000 төгрөгөөр худалдах юм.

Мөн Нарийнтээл, Сант, Хархорин сум дахь Улсын нөөцийн салбарт нөөцөлсөн 1200 тонн өвс тэжээлээс 20 хувийг нь хөнгөлттэй үнээр худалдан борлуулах ба аймгийн Аюулгүйн нөөцөд хадгалсан 10 тонн няцалсан будааг малчдад зээлээр өгөхөөр болсон байна. Төлбөрийг ирэх жил авах аж.

Аймгийн Аюулгүйн нөөцөд татсан 2000 боодол өвс, 100 гаруй тонн тэжээлийг хаваржилт хүндэрвэл гаргахаар нөөцлөөд байна. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр 2 сая мал бэлчээх даацтай ч энэ онд  5 сая 208 мянган толгой мал тоолуусан учраас бэлчээрийн хомсдолд орж, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа юм.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд  тусламжийн өвс, тэжээлийг сумын хэмжээнд нийтэд нь биш хүнд байдалтай байгаа айл өрхөд сонгож өгөхийг ажлын хэсэг, сумдын удирдлагуудад даалгаад байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ