Сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нар жилийн ажлаа дүгнүүлэв

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-12 21:04:37

Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр хуралдаж, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулын захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт ажлын тайланг авч хэлэлцлээ.

Боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор энэ үйл ажиллагаа анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.  Энэ удаагийн сонгогдож томилогдсон аймгийн удирдлагын баг нь хамтын удирдлагын зарчмыг нэлээд сайн хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ хүрээндээ аливаа асуудал бүрт хамтаар оролцож, ярилцаж, зөвшилцөн үнэн зөв бодит үнэлэлт дүгнэлтийг өгөх зорилгоор боловсролын байгууллагынхныг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэв.

Баянхонгор аймгийн Засаг дарга боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор эхлэл ажил болох багш нарын түвшин тогтоох мэргэжлийн шалгалтыг  өнгөрсөн оны сүүлээр зохион байгуулсан. Шалгалтын дүн базаахгүй үзүүлэлттэй гарсныг бид мэдээлж байсан. Тэгвэл дан багш нар гэлтгүй түүнийг удирдаж байгаа удирдлагын арга ажиллагааг хариуцлагажуулж сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж Засаг даргын зөвлөлийн гишүүд үзсэн юм. Энэ ч үүднээс  өнөөдрийн хуралдаанаар зөвлөлийн гишүүд  Боловсролын байгууллагуудын ажил байдлыг нилээд нухацтай авч үзлээ.

Багш нарын  мэргэжлийн түвшинг үнэмлэхүй сайжруулах, хуваарилагдаад ирсэн төсвийг үр дүнтэй оновчтой зарцуулдаг байх, захирлын хувьд мэргэжлийн багшаас гадна сайн менежер, сайн  эдийн засагч, сайн зохион байгуулагч, сайн аж ахуйч байх ёстой зэрэг шаардлага, саналуудыг гаргаж байлаа. Тухайн орон нутгийн иргэд болон сургууль цэцэрлэгт ажиллагсадаас авсан санал, байгууллага нэг бүрт хийсэн санхүүгийн хяналт шалгалтын суурь судалгаанууд, үр дүнгийн гэрээний биелэлтийг хэр хангасан байдлаар нь дүгнэлт өгч, сургууль цэцэрлэгүүдийн эрхлэгч нартай  2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ аймгийн Засаг дарга 1-р сарын 12-ны өдөр байгуулах бөгөөд хангалтгүй ажилласан боловсролын байгууллагын удирдлагуудтай хариуцлагыг ч хатуу тооцох юм байна.

                                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ