Зургаан жил дуншсан цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-05 22:10:52

Шинэхэн цэцэрлэгийн хүүхдийн хувцасны шүүгээ, сандал, ширээг БСШУЯ-ны хөрөнгөөр, гал тогооны хэрэгсэл, зөөлөн эдлэлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс бүрдүүлсэн байна.

Тус аймгийн Шаамар сумын 2-р баг буюу Охиндийд 2011 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдахаар сууриа тавьсан юм. Гэвч цагийн урсгалд хөлдөх, царцах зэрэг зовлонг туулсаны эцэст шинэ онтойгоо золгох мөчид ашиглалтанд орж бяцхан иргэдээ баярлууллаа.  

Шаамар сумын хувьд ганцхан цэцэрлэгтэй учраас сумынхаа хүүхдүүдийг тэр бүр хамруулах боломж хомс байв. Шинэхэн баригдсан эл цэцэрлэг 100 хүүхдийн ортойгоор тооцоолон баригдсан ч 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажээ. Улсын төсвийн 870 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү цэцэрлэг ашиглалтанд орсноор Шаамар сумын олон асуудлыг шийдвэрлэж байгаа гэнэ. Тухайлбал тус багийн алслагдсан хорооллын хүүхдүүд өмнө нь 10-аад км алхаж байж ганц цэцэрлэгтээ очдог байжээ. Тэгвэл өнөөдөр ойроос өөрийн баг дээрээ сургуулийн өмнөх боловсролыг олж авах боломж бүрдсэн нь нэн таатай байгаа аж. Түүнчлэн сумандаа 19 шинэ ажлын байрыг бий болгожээ. Өнөөдөр энэхүү цэцэрлэг 65 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Шинэ онтойгоо зэрэгцэн үүдээ нээсэн тус цэцэрлэгийг улсын комиссын зүгээс сайн үнэлгээ өгч, хүлээн авчээ.     

Ч.Отгонцэцэг  

Холбоотой мэдээ