Иргэдийн эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-21 10:57:34

Хууль зүйн дотоод хэргийн яам, Нээлттэй нийгэмд форумаас Бүх ниитийн эрхзүйн боловсролын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд “Иргэдийн эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Өвөрхангай, Дундговь, Архангай, Өмнөговь, Баянхонгор зэрэг аймгуудаас төрийн захиргаа, иргэний нийгмийн салбаруудаас 160 гаруй хүний төлөөлөл оролцож, иргэдийг эрх зүйн чадавхид хэрхэн суралцуулах талаар хэлэлцлээ.

Нээлттэй нийгэмд форумаас Монгол Улсад тогтвортой, иргэдийн итгэлийг даасан анхан шатны хууль зүйн туслалцааны албан ёсны механизмыг бий болгоход нөлөөлөл, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Иргэдийн эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь” төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн хүрээнд иргэдийн эрхзүйн чадавхийн өнөөгийн байдалд судалгаа хийж үзэхэд ажил эрхлэлт, зээл, гадаад харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээлүүд өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд иргэдийн 60 хувь нь эрхзүйн чадавхигүй байв.

Тиймээс МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрхзүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчлэлийг сайжруулах зорилго бүхий Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд байгаа юм.

Хэлэлцүүлгээс нэгэн уриалга дэвшүүллээ. Үүнд: Бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхийг дээшлүүлэхэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээний бүх шатны байгууллагын оролцооноос гадна иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал.  Тиймээс энэхүү төсөл хөтөлбөрийг албан ёсоор зарлан бүх нийтээрээ үйл ажиллагаа, дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ