"1", "5" гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнсэнд хэрэглэхийг зөвлөв

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2015-10-14 17:56:46

Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5”  гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг МХЕГ-ын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс иргэдэд зөвлөж байна.

Харин “3”, “6”, “7”  тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг  хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй. Эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс дээрх тэмдэглэгээ, кодтой савнуудад савласан сүү, цагаан идээ, айраг зэргийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэд сэрэмжлүүлж байна.

Өнгөрсөн  жил улсын хилээр оруулсан  химийн бодисын хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэмэгдсэн байна. Харин 2014, 2015 оны эхний 5 сарын байдлаар 17325 ширхэг хуванцар савтай химийн бодис оруулсны 52 хувь нь урд хөршөөс иржээ.

“Нарантуул”, “Хархорин” захад зарж буй хуванцар савны 83 хувь нь хуучин сав байгаа нь МХБ-аас өнгөрсөн сард хийсэн тандалт судалгаагаар тодорхой боллоо. Худалдаж байгаа савны 96 хувь нь хүнсний зориулалтын бус бөгөөд 72 хувь нь 20-50 литрийн багтаамжтай байна. 

Мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн онд “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, хүнсний зориулалтын бус 7 төрлийн хуванцар савнаас дээж авч шинжилжээ. Ингэхэд савнууд дахь аммиакийн агууламж 48 дахин их гарсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гэсэн үг юм. Хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодис нэмэгдэж байгааг шинжилгээгээр тогтоосон байна. Мөн хүнд металл, хар тугалганы үлдэгдэл сүү, айрганд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их агууламжтай гарчээ.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ