СЭЛЭНГЭ: Хүчтэй салхи, шуурганы улмаас хуурайшилт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-15 15:36:32

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд хүчтэй салхи шуургатай байгаа нь хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд хүрэхэд нөлөөлж байна.

 

Иймд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн “Сэлэнгэ бороо-2”, “Сэлэнгэ бороо-3” экспедиц 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө тус аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулсан байна. Тодруулбал Тодруулбал, Цагааннуур, Хушаат суманд ажиллаж, өнөөдийн 08:00 цагийн ажиглалтын мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 0-0.8 мм хур тунадас, цас оржээ.

 

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа нь хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, байгаль, цаг уурын нөхцөлд эерэг нөлөө үзүүлэх зорилготой. Иймд хуурайшилт эхэлсэн энэ үед уг ажиллагааг төлөвлөгөөний дагуу цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг экспедицийнхэн онцоллоо.

 

Хуурайшилт нь тухайн бүс нутагт хур тунадас удаан хугацаанд хангалтгүй орсны улмаас агаарын чийгшил буурч, хөрсний усны нөөц багасах, ургамлын ургалтын нөхцөл доройтох зэрэг байгаль орчны тэнцвэр алдагдах үзэгдэл юм.

 

Сэлэнгэ аймгийн хувьд 2026 оны хуурайшилтын нөхцөл 2024 оныхтой харьцуулахад илүү хэлбэлзэлтэй, зарим үзүүлэлтээр нэмэгдэх хандлагатай байгааг цаг уурчид хэлж байна.


Холбоотой мэдээ