ДАРХАН-УУЛ: Волейболын улсын аварга “Дархан харцагууд” багийнхныг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсад өсвөрийн волейболын спортыг хөгжүүлэх, ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, Монгол улсын шигшээ багийг бүрдүүлэх зорилготой U17 насны УАШТ энэ сарын 17-24-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ.
Уг тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 64 багийн 1000 гаруй өсвөрийн тамирчин, багш, дасгалжуулагчид оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
Энэ жилийн улсын аваргын шалгаруулах тэмцээний тэргүүн байр, алтан медалийн эздээр спортын мастер А.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн Дархан Политехник Коллежийн "Дархан харцагууд" тодорсон.

Насныхаа
ангилалд түүхэн амжилт үзүүлж орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, хичээллэж
буй спортоороо үнэмлэхүй амжилт гаргасан баг тамирчид, дасгалжуулагчийг өнөөдөр
аймгийн засаг дарга хүлээн авч, хүндэтгэл илэрхийлж мөнгөн урамшуулал олголоо.
Өрсөлдөөн ихтэй тэмцээнд Дархан харцагууд баг 11 тоглолт хийснээс 9 удаа хожиж алтан медалийн эзэд болжээ.

Тэдний хувьдаа хамгийн багадаа 3-10 жил уг спортоор хичээллэж байна. Багийн 3-4 гишүүнээс бусад нь улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатай, өмнөх жилийнхээ алдааг засаж түрүүлэх зорилготой очсон нь ийнхүү биеллээ олсон байна.


Багийн
дүнгээр алтан медаль хүртсэнээс гадна хөвгүүдийн баг шагналт дөрөвдүгээр байр, багийн ахлагч Б.Болорномин
"Шилдэг тэгш тоглогч", П.Элбэгжаргал “Шилдэг давуулагч”-аар
шалгарчээ.
Тамирчин тус бүрийг 300 мянга,
дасгалжуулагч багшийг 1.0 сая төгрөгөөр урамшууллаа.