“Зургаа”-тай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх тухай хуулийг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-13 16:38:50

МОСКВА. /RIA Novosti/. Ираны цөмийн асуудлаар олон улсын зуучлагч “зургаан” оронтой байгуулсан гэрээг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг тус улсын парламент баталсан тухай ИРНА агентлаг мэдээлж байна.

Мягмар гарагт болсон Ираны парламентын хурлын үеэр дээрх гэрээг хэрэгжүүлэхийг 161 депутат дэмжиж, 59 нь эсэргүүцсэн бол 13 депутат түдгэлзжээ. Санал хураалтад нийт 250 хууль тогтоогч оролцсон байна. Ираны парламент урьд нь гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны иж бүрэн хамтарсан төлөвлөгөөний ерөнхий хүрээг ням гарагт болсон эхний хэлэлцүүлгээр баталсан байна.

Иран болон олон улсын хэлэлцэгчид тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой олон жилийн сунжирсан асуудлыг зохицуулах тухай түүхэн тохиролцоонд долдугаар сарын 14-нд шилжих шөнө хүрсэн билээ. Хүнд хэцүү хэлэлцээ үйл ажиллагааны иж бүрэн хамтарсан төлөвлөгөөг баталснаар дууссан юм. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, АНУ, Европын Холбооноос Иранд авсан эдийн засгийн болон санхүүгийн хориг арга хэмжээ бүрэн цуцлагдана.

Д.Жаргал

Холбоотой мэдээ