ДАРХАН-УУЛ: Алтан унаганы эздээр Д.Бямбацогт, Ч.Алтанхуяг нар тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-16 18:11:22

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлийн эздийг жил бүрийн сар шинийн баярын өмнө тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн Алтан унага”-ны эздээр Даалхайн Бямбацогт, Чимэд-Очирын Алтанхуяг нар тодорч, өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал нар шагналыг гардуулан өглөө.


Д.Бямбацогт нь 2002 оноос Увс аймгийн Тэс сумын "Лениний зам" нэгдэлд мал маллаж эхэлжээ. 24 жил тогтвор суурьшилтай мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь дээшлүүлэн ажиллаж байна.




Д.Бямбацогт нь 2025 онд нийт 538 толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор 149.0 сая төгрөгийн хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь мал аж ахуйн салбарт тогтвортой хөгжил, үр өгөөжийг бий болгож буй сайн жишээг тодотгожээ.


Түүнчлэн нэг малаас авах ашиг шимийг тогтмол нэмэгдүүлж, жилд дунджаар 62-73 кг ноолуур бэлтгэн, хонины амьдын жинг 57-59 кг-д хүргэж, 100 эхээс 100-108 хувиар төл бойжуулж байна. Мал өвөлжилт, төл хүлээн авах бэлтгэлээ өөрийн хүчээр бүрэн хангаж хэвшсэн бөгөөд малынхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажилладаг байна.

 


Ч.Алтанхуяг нь 2004 оноос эхлэн мал маллаж, улмаар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үйлсэд идэвх санаачилгатай оролцож, малынхаа үүлдэр угсааг сайжруулж, шилдэг омог, угшлын малыг өсгөн үржүүлж байна.




Түүний хувьд мал багатай, малгүй өрхүүдийг дэмжих зорилгоор өөрийн багийн залуусыг туслах малчнаар ажиллуулж, тэднийг малжуулах, ажлын байраар хангах зэргээр хаврын мал төллөлтийн үеэр түр ажлын байраар иргэдийг хангаж байна.


Ч.Алтанхуяг нь жил бүр 100 эхээс 100 унага бойжуулж, төлийн хорогдолгүй маллаж, шилмэл омгийн малаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг шилмэл малын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцдог байна.


Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд “Шийрийн шугуй” хоршооны гишүүнээр элсэж, ноос, арьс шир тушаан хамтран ажиллаж байна. 2025 онд 48 толгой бод малыг зах зээлд борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулан 40 гаруй сая төгрөгийн орлого олжээ.



Холбоотой мэдээ