ДАРХАН-УУЛ: Улсын аваргуудад шагнал гардуулах нэгдсэн ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Цагаан сарын баярыг тохиолдуулан, модон могой жилд Монгол Улсын аварга малчин, фермер, тариаланч, алтан төлийн эздээр тодорсон аваргуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр аймгийн ЗДТГ-т боллоо.
Улсын аварга фермерээр Хонгор сумын нэгдүгээр багийн иргэн Баянбулагийн Гансүх тодорсон бөгөөд түүний хувьд 30 гаруй жил мал маллаж, сүүлийн жилүүдэд бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байна.
Үхэр сүргийн үүлдэр угсааг сайжруулахаар монбилляард үхрийг хөгжүүлж мах, сүүний гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв.

Улсын аварга тариаланчаар Алтангадас одонт Орхон сумын тариаланч Бадарчийн Пүрэвцогт, Баадайн Баярсайхан нар тодорлоо. Нэг жил буюу 2008 оноос эхлэн газар тариалангийн салбарт хөдөлмөрлөж ирсэн залуус сум, орон нутаг төдийгүй улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Б.Пүрэвцогт нь 17 жил газар тариалангийн салбарт хөдөлмөрлөсөн үе дамжсан тариаланч юм. Түүний өвөө, аав, ах нь мөн улсын аварга тариаланчаар тодорч байсан бөгөөд гурван үеийн улсын аварга болсондоо талархалтай байгаагаа илэрхийллээ.
Жил бүр 5-6 төрлийн хүнсний ногоог 15-27 га талбайд тариалж хавар, зун, намрын улиралд түр болон байнгын ажлын байраар 5-50 иргэнийг хангадаг байна.

Б.Баярсайханы хувьд ховордсон эмийн ургамал болон төмс, хүнсний ногоог жил бүр 10-25 га талбайд тариалж, сум, орон нутгийн иргэд, оюутан залуусыг ажлын байраар хангаж байна.
Улсын аварга малчнаар Шимбэрүүний Эрдэнэдолгор тодорсон бөгөөд 47 дахь жилдээ мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байна. Увс аймагт ажиллаж хөдөлмөрлөж байсан тэрбээр 1998 онд Дархан-Уул аймагт шилжин иржээ.

Шимбэрүүний Эрдэнэдолгор нь 2025 онд 555 толгой мал тоолуулсан бөгөөд сүүлийн 3 жилд 425-659 кг хонины ноос, 125-134 кг ноолуур, 5.2-5.8 тонн мах, 7.2-7.6 тонн сүү үйлдвэрлэжээ.
2023 онд 114, 2024 онд 123, 2025 онд 113 толгой мал үржилд худалдсан, түр болон байнгын 10-15 ажлын байрыг бий болгож, 2023 онд 85, 2024 онд 143, 2025 онд 113 нийт 341 толгой малыг малжуулахад өгчээ. Тэрбээр 47 жил мал маллаж байгаа бөгөөд залуу малчдад үлгэр жишээ үзүүлж буй ахмад малчин юм.

Мөн энэ өдөр МҮОНРТ-ээс жил бүр тодруулдаг “Алтан хурга"-ны эзнээр Ренчиний Нэмэхжаргал тодорч, гэр бүлийн хамт шагналаа гардан авлаа.
Дархан-Уул аймгаас Улсын аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гардууллаа.
Ташрамд, сүүлийн хоёр жил улсын аваргуудын шагналыг нэгдсэн байдлаар буюу орон нутгийн удирдлагууд нэг дор гардуулдаг болсон. Өмнө нь тухайн жилийн аваргаар тодорсон иргэдийн гэрт болон ААНБ-д очиж хүндэтгэл илэрхийлдэг байсныг больж, ийнхүү нэгдсэн зохион байгуулалтаар өгч байна.

Улаанбаатар