ДАРХАН-УУЛ: Улиран одож буй могой жилд төрсөн гурван гавьяатад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-11 12:19:45

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга өнөөдөр отгон гавьяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол хүртсэн Л.Гүнчин, З.Нэргүй, М.Оюун нарыг хүлээн авч, ажил амьдралын талаар дурсамж яриа өрнүүлж уулзалт зохион байгуулав.  


Тухайлбал Монгол Улсын “Гавьяат багш” Дархан-Уул аймгийн Хүндэт иргэн Лувсандоржийн Гүнчин нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон боловсролын салбарт тасралтгүй 36 жил ажиллажээ.



Төр, нийгмийн зүтгэлтэн түүний хувь аймгийн ИТХ-ын даргаар 2000-2012 оны хооронд тасралтгүй 12 жил буюу гурван бүрэн эрхийн хугацаанд ажилласан юм.




Түүний санаачилга, удирдлага дор хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, өрхийн хөгжил, байгаль орчин, үйлдвэрлэл, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг аймгийн хөгжлийг дэмжсэн олон арван бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, орон нутгийн хөгжилд бодит ахиц дэвшлийг авчирсан гэдгийг аймгийн засаг дарга тодотголоо.

 

Монгол Улсын “Хөдөө аж ахуйн гавьяат зүтгэлтэн” Дархан-Уул аймаг дахь "Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн"-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор Зунайн Нэргүй нь ажлын анхны гараагаа Дархан хот дахь УГТЭШХ-ээс эхэлжээ.




2006 онд аймгийн Хүнс хөдөө аж ахуй, газар байгуулагдахад анхны даргаар томилогдож газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологийн шинэчлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж иржээ.


Салбарын хөгжилд бодит ахиц гарч, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн эзлэх хувийг 3.5-14.5 хүртэл нэмэгдүүлэн ажилласан байна.



Дархан тээвэр ХХК-ийн захирал, Монгол Улсын “Худалдааны гавьяат ажилтан” Минээгийн Оюун 1999 оноос хүнс, бараа, барилгын материал, авто сэлбэгийн зах ажиллуулж, 2001 оноос “Буян зах”, “Шинэ орчин төв”-ийн үйл ажиллагааг нэгтгэн өргөжүүлжээ. Бирж буюу Дархан хотын хамгийн том зах, худалдааны төвийг удирдан ажиллуулж байна.




Тэмдэглэлт баяр, ёслолын үеэр өдөрт 150-160 мянган хүн үйлчлүүлдэг тус компанийн худалдааны төв 1100 гаруй бизнес эрхлэгчийг худалдаа, үйлчилгээний талбайгаар ханган ажиллаж байна.



Хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээр ханган, ажилладаг Дархан Тээвэр ХХК 120 гаруй ажилтантай бөгөөд төвийн бүсийн хамгийн төв худалдааны төвийг ажиллуулдгаараа онцлог юм.



Холбоотой мэдээ