ДАРХАН-УУЛ: "Сүү" хөтөлбөрийг гуравдугаар сараас дахин хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд аймгийн Боловсролын газар, Засаг даргын Тамгын газар хамтран төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулан "Сүү" хөтөлбөрийг өнгөрсөн жил хэрэгжүүлж эхэлсэн.
Долоо хоногт хоёр удаа олгодог байсан "Сүү" хөтөлбөрт 2025 онд 13000 орчим сурагч хамрагдсан байна.
Тэгвэл энэ жил хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Гуравдугаар сарын 1-нээс хичээлийн жил дуусах хүртэлх хугацаанд төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн долоо нийт 24 ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулахаар болжээ.

Бага ангийн сурагчид "Үдийн цай" хөтөлбөрөөр дамжуулан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг тул уг хөтөлбөрт хамруулаагүй гэж аймгийн засаг дарган орлогч Б.Жавхлан ярилаа.
Энэ жил 15060 сурагч хөтөлбөрт хамрагдах бөгөөд 250 гр сүүг долоо хоног гурван удаа өгч байхаар нэмэгдүүлжээ. "Сүү" хөтөлбөрт 1.9 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд орон нутгийн төсвөөс 1.4 тэрбум, өөрсдөө орлогоо төвлөрүүлдэг Дархан, Хонгор сумаас 500 орчим сая төгрөг зарцуулахаар болжээ.
Аймгийн хэмжээнд төрийн өмчийн 18, хувийн хэвшлийн найман сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулийн 6-12 дугаар ангийн бүх сурагч хамрагдах юм.
Сурагчдад хүргэх сүүг “Витафит милк” ХХК ханган нийлүүлж байгаа бөгөөд тус бүтээгдэхүүн нь ямар нэгэн нэмэлт бодисгүй, цэвэр органик сүү байхаар тусгажээ.

Сурагчдын сэтгэл ханамж, хэрэглээ, амт чанарт аймгийн Боловсролын газар хяналт тавьж ажиллаж юм.
Өнгөрсөн жил хэрэгжсэн "Сүү" хөтөлбөрт бичгээр албан ёсоор гомдол ирээгүй бөгөөд сүү уудаггүй, тухайн өдрийн хоол, унднаас шалтгаалан сүү хольж хэрэглэснээс үүдэн гэдэс эвгүйрэх зэрэг хүүхдийн бие нь хэсэг зуур тавгүйтэх шалтгаалан илэрч байсан гэж цөөн сурагч багшдаа мэдэгдэж байжээ.