ДАРХАН-УУЛ: Улсын аварга малчин, фермер, тариаланчаар есөн иргэнийг уламжиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар улсын аварга тариаланч, малчин, фермерд уламжилж буй иргэдийн танилцуулгыг ХХААГ-аас хийлээ. Зөвлөлийн хуралд оролцсон хэлтэс, агентлагийн удирдалгууд бичиг баримтын бүрдүүлэлтийг хянан хэлэлцэж ХХААХҮЯ-д уламжлахыг дэмжлээ.
Нийт есөн иргэнийг улсын аваргад уламжилж байгаа бөгөөд аварга малчинд Хонгор сумаас гурав, Орхон сумаас нэг, улсын аварга фермерт Дархан, Хонгор сумаас тус бүр нэг, улсын аварга тариаланчид Хонгор сумаас хоёр, Орхон сумын нэг тариаланч нэр дэвшжээ
Улсын аварга малчин, тариаланч, фермер шалгаруулах журам байдаг. Уг журамд 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газраас хуралдаанаар нэмэлт өөрчлөлт оруулжээ. Журамд өөрчлөлт оруулсан тогтоол нь орон нутагт албан ёсоор ирээгүй учир хуучин журмыг үндэслэн бичиг баримтын бүрдүүлэлт хийсэн гэж аймгийн ХХААГ-ын мал аж ахуйн тасгийн дарга Ж.Уранчимэг мэдэгдлээ.

Улсын аваргад нэр дэвшүүлж буй иргэдийг ажилласан жил, амжилтаар нь эрэмбэлж шалгуур үзүүлэлтийг хангадаг байна.
Тухайлбал аймаг, орон нутгийн онцлогт тохирсон мал аж ахуйг бэлчээрийн даацтай уялдуулан өсгөн үржүүлж буй байдал, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн байдал, малын хөлийн татвар, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байдал, байгаль, эх дэлхийгээ хамгаалах зэрэг олон шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай гэдгийг тодотгож байна.
Дээрх есөн
иргэний бичиг баримтын бүрдүүлэлт болон шалгуур үзүүлэлт нь хангалттай гэсэн
тул ийнхүү улсын аваргад нэр дэвшүүлэхээр уламжиллаа.