Африкийн хамгийн том гүйлтийн тэмцээн Этиопт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-11-21 10:20:16

АДДИС-АБАБА. /Anadolu/. Африк тивийн хувьд хамгийн өргөн олныг хамарсан гүйлтийн тэмцээн Этиопын нийслэлд өчигдөр боллоо. Гүйлтэд 43 мянга орчим тамирчин оролцсон байна.

Аддис-Абиба хотын дундуур 10 км-ийн зайг туулан уралдах “Аугаа Этиопын гүйлт” гэдэг энэ тэмцээнд мэргэжлийн тамирчид төдийгүй бүх насны жирийн иргэд оролцдог ажээ.

Домогт марафонч Хайле Гебреселассие анх 2001 онд энэхүү тэмцээнийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан бөгөөд өдгөө энэ тэмцээн дэлхийд тавдугаарт орох том хэмжээний тэмцээн болсон байна.

"Энэ тэмцээний хамгийн чухал мөч нь хүмүүс гарч ирээд, баяраа тэмдэглэх явдал юм" гэж тэрбээр хэллээ.

Энэ оны тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Этиопын гүйгч Абэ Гашахун түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд мөн тус улсын тамирчин Фотен Тесфайе түрүүлжээ.

Этиопын Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхэн саад учруулж болзошгүй байсан тул гүйлтийн арга хэмжээг цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтын дор зохион байгуулсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ