Унтахдаа гар утас харах нь нойр хулжаадаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.mn
2016-11-14 14:38:15

ВАШИНГТОН. /VOA/. Гар утас, таблет зэрэг зөөврийн төхөөрөмжийн дэлгэцээс ялгарах гэрэл нь хүүхэд болон насанд хүрэгчдийн "нойрны чанарт" сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

Ухаалаг утас болон таблетууд нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш хурдацтай нэвтэрч байгаа учраас эрдэмтдийн хувьд тэдгээрийн нөлөөг судалж амжихгүй байна.

Харин Калифорни их сургууль болон Лондон хотын Хааны коллежийн эрдэмтэд ухаалаг утас болон таблетийг унтахынхаа өмнө хэрэглэх нь унтах хэв маягт нөлөөлдөг гэж хэллээ.

Калифорни их сургуулийн эрдэмтэд насанд хүрсэн 653 хүний гар утасны хэрэглээ, дэлгэц рүү харах хугацаа болон тэдний нойрны үргэлжлэх хугацааг 30 хоногийн турш ажиглан бүртгэсний үндсэн дээр дүгнэлтийг гаргасан байна. Судалгааны дүнд унтахын өмнө гар утас, таблетыг удаан хугацаагаар хэрэглэх нь нойр хулжаадаг болохыг тогтоожээ.

Харин Лондон хотын Хааны коллежийн эрдэмтэд дөрвөн тивд явуулсан 20 судалгааг нягталсны үндсэн дээр хүүхдийн унтлагын өрөөн дэх цахим төхөөрөмж нь тэдний унтах мөчлөгт хоёр дахин илүү нөлөөлөх эрсдэлтэй болохыг тогтоосон байна.

Нийгмийн цахим сүлжээгээр дамжиж буй орчин үеийн хүмүүсийн хоорондын харилцаа нь хүүхдүүдэд үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн мэдрэмжийг төрүүлдэг ажээ.

Унтахын өмнө цахим төхөөрөмж хэрэглэх асуудлыг зогсоохын тулд эцэг эхчүүд, багш нар, эрүүл мэндийн ажилтнууд хамтран ажиллах явдал юм гэж эрдэмтэд зөвлөлөө.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ