Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх чадамжийг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНТУ-ын Трабзон их сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор Онур Бурак Дурсун Монгол Улсад хүрэлцэн ирж СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгуулсан үр дүнгээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд өнөөдөр танилцууллаа.
”Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө /2026-2030 он/”-г боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар БНТУ-ын профессор Онур Бурак Дурсун ажиллаж шат дараалалтай ажлыг эхлүүлээд байгаа аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн сүүлийн үеийн оношилгоо үнэлгээний шинэ арга хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах, тусламж үйлчилгээгээ өргөжүүлэхээр “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг нэвтрүүлж аутизмын хүрээний эмгэгүүдийг эрт үед нь оношлох суурийг тавьсан юм.
Улмаар Эрдэнэт хотод аутизмын хүрээний хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт оношлох, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш нарыг дадлагажуулах төв байгуулахаар ажиллаж эхэллээ. Мөн нийслэлийн зарим дүүрэг хороодод тус төвийг байгуулах юм. Ингэснээр 2 ойтой хүүхдийг вакцинд хамрагдах үед нь асуумжийн аргаар оношилгоо хийж улмаар сэжигтэй тохиолдлыг CARS-2-аар баталж, “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргаар оношилж заслын эмчилгээг хийх замаар цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж ЭМЯ мэдээлэв.